Сэтгүүлд хэвлэгдсэн бүтэн эх.
Хошногоны цуурал (Anal fissure)
Удиртгал
Сүүлийн жилүүдэд хошного-шулуун гэдэсний эмгэгийн тохиолдол нэмэгдсээр байна. 21 зуунд хүнсэндээ эслэг бага хэрэглэх хандлага нь хошного шулуун гэдэсний эмгэгийн тохиолдол нэмэгдэхэд нөлөөлсөн. Хошного шулуун гэдэсний өвдөлт шамбарам өвчний үед илэрдэг боловч ихэвчлэн цочмог болон архаг хошногоны амсрын цууралтын үед илэрнэ. Хошногоны амсрын цууралтын үед хүндээр бие зассаны дараа хошного орчмын хүчтэй өвдөлт хэдэн цагаар үргэлжлэн илэрч зовиурлах, үе үе цус гарах шинж ажиглагдана.
Шалтгаан, эмгэг жам ба шинж тэмдэг
Хошногоны шүдлэг шугамаас дистал хэсгийн салст бүрхэвч босоо урагдахыг хошногоны цуурал гэнэ. Хошногоны салст бүрхэвчийн гэмтэл нь өтгөн хатсан үед хүндээр бие засах болон удаан хугацаанд үргэлжилсэн суулгалттай хамааралтай байдаг. Хошногоны цуурал ар ханын голын шугамаар хамгийн их тохиолддог бол урд ханын голын шугамаар цуурах тохиолдол ихэвчлэн эмэгтэйчүүдэд илэрнэ. Ихэнх цуурал нь аажимдаа эдгэрдэг боловч зарим тохиолдолд архагшина. Хошногоны голын хэсгээр цусан хангамж багатай онцлог нь хошногоны дотор хунигч булчин агших үед хошногоны салст бүрхэвчийн цусан хангамж буурч, урагдалт нэмэгдэж, өвдөлт үүсдэг. Үүнээс шалтгаалж өвдөлт, спазм, ишеми гэсэн гинжин урвал үүсч даамжиран шархны эдгэрэлт удааширч цууралтын ирмэгүүд фиброзжин архаг цууралтанд хүргэдэг. Хошногоны цагираг булчингийн агшилт нь амсар сунаж гэмтэх, урагдал гүнзгийрэхээс сэргийлэх хамгаалах ач холбогдолтой.
Зарим цууралтууд шинж тэмдэг багатай байдаг боловч ихэнх өвчтөнд хүчтэй өвдөлт, цус алдалт болон загатнах шинж тэмдгээр илэрдэг. Өвдөлт нь хошного орчимд байх боловч заримдаа өгзөг, гуяны арын дээд хэсэг эсвэл ууц нуруу орчим руу дамждаг. Өвдөлт нь ихэвчлэн хүндэрсний улмаас үүсэх ба хэдэн цагаар үргэлжилнэ. Цус алдалт нь хүндрэл багатай байдаг онцлогтой. Цууралттай ихэнх өвчтөн өтгөн хаталтын зовиур хамт илэрдэг.
Хүснэгт 1. Хошногоны өвдөлтийн шалтгаан| Бүлэнгээр бөглөрсөн гаднах шамбарам |
| Хошногоны амсрын цуурал |
| Хошногоны буглаа |
| Герпесийн шархлаа / бусад бэлгийн замаар дамжих өвчин |
| Кроны өвчний шархлаа болон үрэвсэл |
| Хошного, шулуун гэдэс эсвэл аарцгийн эрхтнүүдийн хавдар |
| Лимфома эсвэл лейкеми |
Оношилгоо
Хошногоны амсрын цууралтын оношийг ихэвчлэн өвчтний асуумжинд үндэслэн тавьж болно. Хошного шулуун гэдэсний зарим өвчин эмгэгүүдийн үед ихэвчлэн хошного орчмын хүчтэй өвдөлт илэрдэг. Харин хошногоны цууралтын өвдөлт хүндээр бие засах үед эсвэл хүндээр бие зассаны дараа илэрдэг онцлогтой (Хүснэгт 1). Анхны бодит үзлэгийн үеэр хошногоны цууралтын оношийг баталж болох боловч үзлэг хийх үед өвчтөнд хүчтэй өвдөлт илрэх учраас бэрхшээлтэй байдаг. Үзлэг хийхдээ өвчтөнийг түрүүлэг нь харуулж байрлуулна. Өгзгийг хоёр тийш зөөлөн татахад цуурал ил харагдана. Өвчтөн хэт их айх, зовиур ихсэх үед үзлэгийг зогсоох хэрэгтэй.
Цуурал бүрэн харагдахгүй тохиолдолд 2%-ийн лидокайны гелийг хэрэглэж хошногоны амсар хэсгийг мэдээ алдуулж хурууны үзлэг хийнэ. Энэ үед хошногоны спазм ихэнх тохиолдолд илэрдэг. Зөөлөн тэмтрэлтээр урд болон хойд голын шугамаар эмзэглэлтэй байхыг илрүүлнэ. Өвчтөнд хурууны үзлэг хийхэд зовиургүй байвал хошногыг дурандаж болно. Цууралтыг харж ажиглахад цууралтын дистал хэсэгт sentinel pile буюу tag (хошногоны хөндийн гадаргуугаас өргөгдсөн эд) буйг ажиглаж болох ба мөн проксимал хэсэгт нь томорсон хошногоны хөхлөг харагдана. Архаг цууралтын төв хэсгийн гүнд дотор хунигч булчингийн ил гарсан ширхэгүүд цайрч харагдаж болно. Өвчтөнд хүчтэй өвдөлт илэрвэл үзлэгийг шууд зогсоох хэрэгтэй. Хэрэв хошногоны амсраас идээ гарах, хошного орчим улайлт хавдалт, үүсгэвэр илрэх зэрэг бусад өвчний сэжиг бүхий шинжүүд илэрсэн тохиолдолд өвчтөнд мэдээ алдуулалтын дор үзлэг хийнэ.
Хошногоны цууралтууд нь ихэвчлэн урд болон арын голын шугамд байрладаг болохыг санах хэрэгтэй. Хажуугийн дөрөвний нэгт байрласан цууралт нь хэв шинжит бус цууралт эсвэл шархлаа байдаг бөгөөд ихэнх тохиолдолд бусад эмгэгийн үед хоёрдогчоор илэрсэн байдаг. Хэв шинжит бус цууралт нь олон тооны, гүнзгий, өргөн, тэгш бус ирмэгтэй. Энэ үед хошногоноос идээрхэг ялгадас гардаг. Хэв шинжит бус цууралтын үед эмнэлзүйн бүрэн үзлэг шинжилгээ хийх шаардлагатай байдаг. Үзлэг хийхдээ ихэнх тохиолдолд мэдээгүйжүүлэлтийн дор үзлэг хийн биопси болон өсгөврийн шинжилгээ хийнэ.
Эмчилгээ
Цууралтын 90%-иас дээш нь аяндаа эдгэрдэг. Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчилгээ шаардлагатай байдаг. Эхний шатны эмчилгээнд консерватив эмчилгээг сонгодог. Цууралтын үед хүнсэнд хэрэглэх эслэгийн хэмжээ болон уух шингэнийг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Бид псиллиумд (эслэгийн төрөл) суурилсан бүтээгдэхүүнийг хүнсний эслэгийн хэрэглээнд зөвлөдөг. Псиллиум хэрэглэхэд гэдэс дүүрэх шинж илэрдэг өвчтөнд бусад эслэг бүхий бүтээгдэхүүнийг хэрэглэнэ (Хүснэгт 2). Ерөнхийдөө насанд хүрсэн хүн хүнсэндээ өдөр бүр 25–35 гр эслэг агуулагдах шаардлагатай байдаг (Хүснэгт 3).
Хүснэгт 2. Эслэг бүхий бүтээгдэхүүн| Эслэгийн хэлбэр | Худалдааны нэршил | Эслэгийн агууламж |
|---|
| Псиллиум | Метамуцил | 3.4 г/цайны халбага; 0.5 г/капсул |
| Псиллиум | Консил | 6 г/цайны халбага; 0.5 г/капсул |
| Метилцеллюлоз | Цитрусел | 2 г/цайны халбага; 0.5 г/капсул |
| Кальцийн поликарбофил | Фиберкон | 0.5 г/капсул |
| Гуар гам | Бенефибер | 3 г/цайны халбага; 1 г/шахмал; 0.5 г/капсул |
Хүснэгт 3. Эслэгээр баялаг хүнс| Хүнс | Хэмжээ | Эслэг (г) |
|---|
| Бөөрөлзгөнө | 1 аяга | 8.3 |
| Лийр | 1 дунд зэрэг | 5 |
| Инжир, хатаасан | 2 дунд зэрэг | 3.7 |
| Алим | 1 дунд зэрэг | 3.3 |
| Гүзээлзгэнэ | 1 аяга | 3.3 |
| Жүрж | 1 дунд зэрэг | 3 |
| Сэвэг зарам | 1 аяга, болгосон | 15.6 |
| Хар шош | 1 аяга, болгосон | 15 |
| Шпагетти, бүхэл үрийн | 1 аяга | 6.3 |
| Хивэг | 1 аяга | 6 |
| Талх, бүхэл үрийн | 1 зүсэм | 2–5 |
| Овъёосны гурил | 1 аяга | 4 |
| Газрын самар | 24 самар | 3.3 |
| Брокколи | 1 аяга, болгосон | 10.9 |
| Вандуй | 1 аяга | 8.8 |
| Амтат төмс | 1 аяга, болгосон | 5.3 |
| Бууцай | 1 аяга, болгосон | 4.3 |
| Эрдэнэшиш | 1 аяга | 4 |
Өвчтөн хүнсний эслэгийн хэрэглээг нэмэгдүүлэх, эслэгийн нэмэлт тэжээлийг өдөрт 1 удаа хэрэглэх шаардлагатай (6 гр псиллиум г.м). Энэ тохиромжтой байвал долоо хоногийн дотор өдөрт хоёр удаа болгож тунг нэмэгдүүлэх шаардлагатай. Өвчтөн эслэгийн нэмэлтээр хэрэглэх бүрт хамгийн багадаа хоёр аяга ус эсвэл шингэн хэрэглэх шаардлагатай. Эслэгийн хэмжээг нэмэгдүүлсэн ч өтгөн хаталттай байгаа өвчтөнд хоёр хоолны халбага магнийн исэлтэй сүүг хэрэглэх зэргээр туулга бий болгож болно. Шаардлагатай тохиолдолд докусат зэрэг баас зөөлрүүлэгчийг хэрэглэж болно. Зарим үед бүлээн устай ваннд өдөрт нэгээс хоёр удаа 10 минутаар суух нь дотор хунигч булчингийн агшилтыг сулруулах үйлдэлтэй байдаг. Хүндрэхийн өмнө эсвэл дараа өвдөлтийг бууруулахын тулд 2%-ийн лидокайны гелийг хэрэглэж болно. Стероид суурьтай тос болон шамбарамын тосон түрхлэгүүд нь үр дүнгүй байдаг.
Эмийн эмчилгээг цочмог хошногоны цууралын (шинж тэмдэг эхэлснээс 6 долоо хоногийн дотор) үед хэрэглэхэд үр дүнтэй. Хэсэг газрын нитрат эсвэл кальцийн антагонистыг хэрэглэснээр дотор хунигч булчингийн агшилтыг сулруулж, голын шугамын салстын цусан хангамжийг сайжруулдаг. Нитроглицерины 0.2–0.3%, дилтиазем 2% болон нифедипин 0.3% зэрэг тосон түрхлэгүүд нь шинж тэмдэг бүхий цууралтын эдгэрэлтэнд 30%-иас 70% хувийн үр дүнтэй. Эдгээр эмүүдийн ихэнх нь эмийн санд тосон түрхлэг байдлаар бэлтгэх шаардлагатай. Гель эсвэл шингэн бэлдмэл нь үйлдлийн хугацаа богино тул үр дүн өгөхдөө муу байдаг. Дилтиаземийн 2%-ийн тосон түрхлэгийг хүндрэхээс 5 минутын өмнө өдөрт гурван удаа хэрэглэх нь зөв сонголт бөгөөд цууралтын эдгэрлийн түвшин нитроглицеринээс илүү төдийгүй, нитроглицерин хэрэглээд үр дүнгүй тохиолдолд цууралтыг эдгээх боломжтой. Толгой өвдөлт нь нитроглицерины томоохон гаж нөлөө бөгөөд өвчтнүүдийн 50%-д тохиолддог. Дилтиазем хэрэглэсэн өвчтнүүдийн 10%-д загатналт илэрнэ. Дилтиазем, нитроглицерин болон нифедипин нь сфинктерийн тонусыг сулруулснаар өвдөлтийг багасгадаг боловч эдгэрэлт нь хоёр сар хүртэл үргэлжилнэ. Өвчтнийг 1 сарын дараа дахин үнэлэх шаардлагатай бөгөөд цуурал хэвээр байсан ч шинж тэмдэг буурсан тохиолдолд тосон түрхлэгийг дахин 1 сар үргэлжлүүлнэ.
Эмийн эмчилгээ үр дүнгүй тохиолдолд мэс засал эмчилгээ хийнэ. Ажилбар хийх хугацаа нь консерватив эмчилгээнд анх хариу урвал өгсөн байдал болон шинж тэмдгийн хүндийн зэргээс хамаарна. Хошногоны хүчтэй өвдөлттэй өвчтнүүдэд нэг долоо хоногийн дотор сайжрал ажиглагдахгүй тохиолдолд мэс засал хийдэг. Ботулины А хэлбэрийн хорыг дотор хунигч булчинд шахах нь шинж тэмдгийг бууруулж, заримдаа цууралтыг эмчлэхэд хэрэглэнэ. Энэ арга аюулгүй бөгөөд өтгөн алдалт ховор үүсгэдэг арга юм. Тарьсны дараах эхний хэдэн цагийн дотор саажилт үүсэх ба долоо хоногийн дотор оргил үедээ хүрч, 1–3 сарын хугацаанд үргэлжилдэг. Ихэнх өвчтнүүдэд шинж тэмдэг багасах нь түр зуурын байдаг бөгөөд удаан хугацааны дараа цуурал дахих нь элбэг учраас нэмэлт тарилга шаардлагатай байдаг. Гэвч өтгөн алдалт үүсэх эрсдэлтэй эсвэл хажуугийн дотор сфинктеротоми хийлгэхээс татгалзсан, эмийн эмчилгээнд үр дүнгүй цууралттай өвчтнүүдийн бүлэгт бид ботулины тарилга эмчилгээ болон фиссурэктоми эмчилгээг хавсран хийдэг. Архаг цууралтын фиброзжсон ирмэгийг өөлж авах аргыг фиссурэктомитой хамт хэрэглэснээр эдгэрэлтийг дэмждэг. Ихэвчлэн 60–80 нэгж ботулины А хэлбэрийн хорыг дотор сфинктер булчинд тарихад бүрэн эдгэрэлт өгдөг.
Архаг хошногоны цууралтын хамгийн үр дүнтэй мэс засал эмчилгээ бол хажуугийн дотор сфинктеротоми (LIS) юм. LIS нь эмийн эмчилгээнд үр дүнгүй цууралтыг 8 долоо хоногийн дотор 90%-иас дээш тохиолдолд эдгээдэг. Энэ эмчилгээний арга 10%-иас бага буюу маш бага дахилтын түвшинтэй байдаг. LIS нь дотор сфинктер булчингийн дистал хэсгээс бага хэмжээгээр тайрч авах ажилбар юм. Дотор сфинктер булчин нь суурь болон тайван үеийн агшилтыг хангаж байдаг. Хүчтэй өвдөлтийн улмаас уг булчингийн спазм болсноор цууралттай хэсгийн цусны урсгалыг багасгадаг. Булчингийн хэсгээс мэс заслын аргаар авснаар шинж тэмдэг түргэн намжиж, цуурал эдгэрдэг байна. Ерөнхийдөө уг ажилбар нь аюулгүй бөгөөд ихэнх өвчтөнд ерөнхий унтуулгатай эсвэл нугасны хөндийн мэдээ алдуулалтын дор хийгддэг. Тодорхой бүлэг өвчтнүүдэд түр зуурын хий алдах шинж тэмдэг илэрч болно. Ховор тохиолдолд өтгөн алдалт нь хүнд зэргийн эсвэл байнгын байдаг. Мэс заслын асуудлыг шийдвэрлэхийн өмнө өвчтний суурь өтгөн барилтын түвшинг сайтар тодорхойлох нь чухал юм. Хэрэв өвчтөнд өмнө нь өтгөн алдалт байсан бол ботулины А хэлбэрийн хор тарих эмчилгээг фиссурэктомийн хамт эсвэл цууралтыг хаах нөхөөс хийх ажилбарын хамт хийж болно.
Өтгөнөө барих чадвар алдалт (Fecal incontinence)
Өтгөнөө барих чадвар алдалт гэж юу вэ?
Өтгөнөө барих чадвар алдалтыг гэдэсний зохицуулгын алдагдал гэж мөн нэрлэдэг. Энэ нь шулуун гэдэснээс санаандгүйгээр өтгөн эсвэл шингэн баас, салс гадагшаа гарах явдал юм. Өтгөнөө барих чадвар алдалтанд ариун цэврийн өрөө хүртэл өтгөнөө барих боломжгүй байхаас гадна өвчтөн өөрийн мэдэлгүй дотуур хувцсандаа өтгөнөө гадагшлуулсан зэрэг тохиолдол орно. Өтгөн нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнөөр гадагшилдаг нягт хаягдал бөгөөд дотроо боловсроогүй хоол хүнс, бактери, салс болон үхсэн эсүүдийг агуулдаг. Салс нь цэвэр шингэн байх бөгөөд хоол боловсруулах замын эдийг бүрхэж хамгаалж байдаг.
Өтгөнөө барих чадвар алдалт нь сэтгэл зүйн хямрал болон ичгэвтэр байдлыг үүсгэж болно. Өтгөнөө барих чадвар алдалттай олон өвчтөн уг асуудлаа нуухыг оролддог. Гэвч уг эмгэгтэй өвчтнүүд эрүүл мэндийн тусламж үзүүлэгч эмч нараас айх эсвэл нуух шаардлагагүй юм. Өтгөнөө барих чадвар алдалт нь эрүүл мэндийн тулгамдсан асуудал бөгөөд эмчилгээ хийх боломжтой юм.
Хэнд өтгөнөө барих чадвар алдалт үүсдэг вэ?
Аль ч насны хүмүүст гэдэсний зохицуулгын алдагдал тохиолдох боловч өтгөнөө барих чадвар алдалт нь ахимаг насныханд элбэг тохиолддог. Эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдийг бодвол илүү элбэг тохиолдоно. Дараах тохиолдолд өтгөнөө барих чадвар алдалтын эрсдлийг нэмэгдүүлнэ. Үүнд:
- Суулгалт: өдөрт гурав болон түүнээс дээш удаа усархаг тогтоцтой баасаар хүндрэх
- Хүндээр бие засах гэж буйгаа гэнэт мэдэх
- Мэдрэлийн системийг гэмтээх өвчин эсвэл гэмтэл
- Олон тооны удаан хугацаанд өвчилсөн архаг хууч өвчний улмаас биеийн ерөнхий байдал муу байх
- Аарцгийн ёроолын гэмтэл (умай, үтрээ, давсаг болон шулуун гэдсийг барьж байдаг булчин, холбоос болон эд) бүхий төрөх үеийн хүндрэл
Хоол боловсруулах зам (ХБЗ) гэж юу вэ?
ХБЗ нь амнаас хошного хүртэл үргэлжилсэн мушгирсан хоолой буюу уртаараа нийлсэн хөндийт эрхтнүүдийн дараалал юм. ХБЗ-ийн булчингийн хөдөлгөөн болон даавар, энзимүүд нь хоол хүнсийг шингэх боломжийг олгодог. ХБЗ-г бүтээдэг эрхтнүүдэд ам, улаан хоолой, ходоод, нарийн гэдэс болон мухар олгой, мухар гэдэс, бүдүүн, шулуун гэдэс, хошного багтана. ХБЗ-ийн сүүлийн хэсгийг ХБЗ-ийн доод зам гэж нэрлэх ба бүдүүн гэдэс болон хошного багтана.
Бүдүүн гэдэс нь нарийн гэдэснээс дамжин ирсэн хагас боловсруулсан хоол хүнснээс ус болон үлдэгдэл тэжээлийн бодисыг шингээж авдаг. Иймд бүдүүн гэдэс нь хоолны үлдэгдлийг шингэнээс өтгөн болгон хувиргадаг. Баас нь бүдүүн гэдэснээс шулуун гэдэс рүү дамждаг. Шулуун гэдэс нь бүдүүн гэдэсний төгсгөлийн хэсэг болох S хэлбэрийн гэдэс болон хошногоны хооронд байрладаг. Шулуун гэдэс нь хүндээр бие засах хүртэл баасыг хадгалж байдаг. Хүндээр бие засах үед баас нь шулуун гэдэснээс хошного руу дамжих ба хошного нээгдэж баас биеэс гадагшилдаг.
Гэдэсний зохицуулга хэрхэн ажилладаг вэ?
Гэдэсний зохицуулга нь шулуун гэдэс, хошногоны булчин болон мэдрэлүүд дараах үүргийг гүйцэтгэж байдаг. Үүнд:
- Шулуун гэдсэнд баасыг хадгалах
- Шулуун гэдэс дүүрэн буйг хүнд мэдэгдэх
- Бэлэн болсон тохиолдолд өтгөнийг гадагшлуулахад хамтран ажилладаг тогтолцоо юм.
Хунигч хэмээн нэрлэгдэх цагираг булчингууд нь хошногоны амсрыг баас гадагшлах хүртэл сайтар хааж байдаг. Аарцгийн ёроол нь ч мөн гэдэсний зохицуулгад оролцож өгдөг.
Өтгөнөө барих чадвар алдалтын шалтгаан
Өтгөнөө барих чадвар алдалт нь дараах олон тооны шалтгаантай:
- Суулгалт
- Өтгөн хаталт
- Булчингийн гэмтэл болон сулрал
- Мэдрэлийн гэмтэл
- Шулуун гэдэсний суналт алдагдах
- Үтрээгээр төрөх
- Шамбарам болон шулуун гэдэсний урвалт
- Ректоцеле
- Хөдөлгөөнгүй байдал
- Хошногонд урьд нь хийлгэсэн мэс засал, мэс ажилбар
Суулгалт
Суулгалтын улмаас өтгөнөө барих чадвар алдалт үүсч болно. Шингэн баас нь шулуун гэдсийг хурдан дүүргэж хатуу баанаас илүүтэй барихад төвөгтэй болгодог. Суулгалт нь бие засах өрөө орох хугацаанд амжихгүй байх магадлалыг нэмэгдүүлдэг.
Өтгөн хатах
Өтгөн хаталтын улмаас том, нягт баас нь шулуун гэдсийг сунган хунигч булчинг рефлексээр сулрахад хүргэдэг. Усархаг баас нь хатуу баасны ард үүсч хатуу баас орчмоор гадагш гоожиж, өтгөнөө барих чадвар алдалтанд хүргэнэ. Өтгөн хаталтын үед өтгөн алдалт үүсэх явдал нь тухайн гадаад хунигч болон аарцгийн ёроолын булчингуудаа суллах боломжгүй үед буюу ихэнх тохиолдолд эдгээр булчинг суллахын оронд чангалснаас үүсдэг. Ингэж чангалснаас баас дамжихад төвөг учруулж, шулуун гэдсэн дэх баасны хэмжээ томроход хүргэдэг. Энэ хэлбэрийн өтгөн хаталтыг диссинергийн дефекаци буюу эмгэг дефекаци гэдэг бөгөөд буруу суралцсаны үр дүн юм. Жишээ нь хүүхэд эсвэл насанд хүрэгчид хүндрэх үед нь өвдөлт өгөхөд гэдэсний хөдөлгөөнийг зогсоож, өвдөлтийг намдаахын тулд далд ухамсраараа булчингаа чангалж сурдаг байна.
Булчингийн гэмтэл болон сулрал
Нэг эсвэл хоёр хунигч булчингийн гэмтлийн улмаас өтгөнөө барих чадвар алдагдал үүсч болно. Гадна болон дотор хунигч булчин гэж нэрлэгддэг эдгээр булчингууд гэмтэх эсвэл суларснаас хошногыг хаалттай байлгах болон баас гадагшлахаас сэргийлэх үед хангалттай хүчтэй байж чаддаггүй. Гэмтэл, хүүхэд төрүүлэх үеийн гэмтэл, мэс засал болон шамбарамын мэс засал зэрэг нь уг хунигчуудыг гэмтээж болох шалтгаан юм.
Мэдрэлийн гэмтэл
Шулуун гэдэсний хунигч булчинг удирддаг мэдрэл гэмтсэнээр уг булчин зохих ёсоор хаагдаж эсвэл нээгдэж чаддаггүй. Үүнтэй ижлээр, шулуун гэдсэнд буй баасыг мэдэрдэг мэдрэл гэмтсэнээр хүн бие засах өрөө орох шаардлагатайгаа мэдэрдэггүй. Хоёр хэлбэр нь хоёулаа өтгөнөө барих чадвар алдалтанд хүргэнэ. Хүүхэд төрүүлэх, баасаа удаан барих зуршилтай байх, нугасны гэмтлүүдийн үед мөн чихрийн шижин болон тархмал хатуурал гэх мэт хунигч булчин болон шулуун гэдэсний мэдрэлд нөлөөлдөг өвчнүүдийн үед мэдрэлийн гэмтэл үүсдэг. Цус харвалт, толгойн гэмтэл болон тодорхой эмгэгүүдийн үеийн тархины эмгэг өөрчлөлтийн улмаас өтгөнөө барих чадвар алдалт мөн үүсч болно.
Шулуун гэдэсний суналт алдагдах
Хэвийн үед шулуун гэдэс нь хүндрэх хүртэл сунаж баасыг хадгалж байдаг. Шулуун гэдэсний мэс засал, туяа эмчилгээ болон гэдэсний үрэвсэлт өвчин зэрэг хоол боловсруулах замын хананд үрэвсэл, шархлаа үүсгэдэг архаг өвчнүүдийн үед шулуун гэдэсний хана нь хөшүүн болж хувирдаг. Шулуун гэдэс нь баасыг барихуйц хэмжээнд сунаж чадахгүй тул өтгөнөө алдах эрсдэл нэмэгддэг.
Төрөх замаар хүүхэд төрүүлэх
Хүүхэд төрүүлэх үед зарим тохиолдолд аарцгийн ёроолын булчин болон мэдрэлд гэмтэл учирдаг. Хүүхдийг гаргах үедээ хавчаар ашиглах эсвэл төрөх үед хүүхдийн толгойг үтрээг урахаас сэргийлэн хярзан сэтлэх зэрэг ажилбар хийгдсэн тохиолдолд эрсдэл нь нэмэгддэг. Өтгөнөө барих чадвар алдалт нь төрсний дараахан эсвэл хэдэн жилийн дараа илэрдэг.
Шамбарам эсвэл шулуун гэдэсний урвалт
Гадна шамбарам нь хошногоны салстын дор үүсдэг бөгөөд хошногоны хунигч булчингийн бүрэн хаагдахад саад учруулдаг байна. Шулуун гэдэсний урвалт нь шулуун гэдэс хошногоор гадагш унжиж гарснаас үүдэх эмгэг өөрчлөлт бөгөөд мөн л баас алдахаас сэргийлэн хошногоны хунигч булчин бүрэн хаагдахад саад учруулдаг. Хошногоор бага хэмжээний салс болон шингэн баас гарч болно.
Үтрээ шулуун гэдэсний цүлхэн (ректоцеле)
Ректоцеле гэдэг нь шулуун гэдэс үтрээгээр урваж гарч ирснээс үүдэх эмгэг байдал юм. Шулуун гэдэс болон үтрээ хоёрыг тусгаарлаж буй булчингийн нимгэн давхарга сул болсноос ректоцеле үүсдэг. Ректоцелетэй эмэгтэйчүүдэд хүндрэхэд асуудал байдаг учир нь ректоцеле нь хошногоор доош уруудах хүчийг бууруулж өгдөг. Үр дүнд нь шулуун гэдсэнд өтгөн удаан хугацаанд саатдаг. Ректоцеле нь өтгөн алдалтын эрсдлийг нэмэгдүүлдэг эсэх талаарх цаашдын судалгаа шаардлагатай байна.
Хөдөлгөөнгүй байдал
Хөдөлгөөнгүй буюу ялангуяа олон цагаар суух, хэвтэх зэргийн үед их хэмжээний баас шулуун гэдсэнд саатах эрсдлийг нэмэгдүүлдэг. Шингэвтэр баас нь хатуу баасны орчмоор шүүрэн гардаг. Хүч тамир султай, ахимаг настангуудад уг шалтгааны улмаас өтгөн хаталтаас үүдсэн өтгөнөө барих чадвар алдалт үүсдэг.
Оношилгоо
Өвчтний асуумж, бодит үзлэг болон эмнэлзүйн шинжилгээнд тулгуурлан оношийг тавина. Ерөнхий эмнэлзүйн асуумжаас гадна эрүүл мэндийн тусламж үзүүлэгч нь дараах асуултыг асууж болно:
- Өтгөн барих чадварын алдагдал нь хэзээ эхэлсэн бэ?
- Өтгөн барих чадварын алдагдал хэр их тохиолддог вэ?
- Өтгөн алдалт хэрхэн тохиолддог вэ? Баас нь дотуур хувцсаа бохирдуулах төдий юу? Бага хэмжээний хатуу эсвэл шингэн баас алддаг уу, эсвэл гэдэсний зохицуулга бүрэн алдагддаг уу?
- Өтгөнөө барих чадвар алдалтын үед яаралтай хүндрэх гэж буй мэдрэмж төрдөг үү, эсвэл ямар нэгэн дохиогүйгээр өтгөн алддаг уу?
- Шамбарамтай бол шамбарам нь хошногоор гарч ирдэг үү? Шамбарам нь өөрөө буцаж ордог уу, эсвэл хуруугаар түлхэх шаардлага гардаг уу?
- Өтгөнөө барих чадвар алдалт нь өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?
- Өтгөнөө барих чадвар алдалт нь хоол идсэний дараа улам доройтдог уу? Тодорхой хоол хүнс өтгөнөө барих чадвар алдагдлыг гүнзгийрүүлдэг үү?
- Хийгээ барьж чаддаг уу?
Өвчтнүүд өтгөн барих чадварын тэмдэглэлийг хэдэн долоо хоног хөтөлбөл үзлэгийн үеэр дээрх асуултуудад хариулах боломжтой байдаг. Өтгөн барих чадварын тэмдэглэл гэдэг нь өдөр бүрийн хүндээр бие зассан байдлыг бүртгэдэг хүснэгт юм. Өвчтөн хоол боловсруулах замын эмгэгийн нарийн мэргэжлийн эмчид, тухайлбал ходоод гэдэсний эмгэг судлалын эмч, бүдүүн шулуун гэдэсний мэс засалч болон урологич, эмэгтэйчүүдийн эмч гэх мэт бөөр шээсний зам болон нөхөн үржихүйн мэргэшсэн эмчид хандаж болно. Нарийн мэргэжлийн эмч бодит үзлэг хийн дараах шинжилгээнүүдээс хийлгэхийг санал болгоно:
- Хошногоны манометр
- Хошногоны хэт авиан шинжилгээ
- Соронзон резонанс зураглал (MRI)
- Дефекографи
- Уян сигмоидоскопи болон колоноскопи
- Хошногоны электромиографи
Хошногоны манометрийн шинжилгээ
Уг шинжилгээ нь даралтын мэдрэгчүүд болон шулуун гэдсэн дотор хийлдэг баллон ашиглан шулуун гэдэсний мэдрэг чанар болон үйл ажиллагааг шалгадаг. Шулуун гэдэсний манометр нь мөн хошногоны хунигч булчингийн чангаралтыг шалгадаг. Уг шинжилгээнд бэлтгэхийн тулд үйлчлүүлэгч цэвэрлэх бургуй хэрэглэх шаардлагатай ба шинжилгээнээс 2 цагийн өмнө юм идэж ууж болохгүй. Бургуйдах үед ус эсвэл туулгыг тусгай зориулалтын шахуургаар хошного руу оруулдаг. Туулга нь баасыг зөөлрүүлж өгдөг ба гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг. Уг шинжилгээнд урдаа баллонтой, баллоныхоо доод хэсэгт даралтын мэдрэгчтэй нарийн гуурсыг ашиглах ба хошногоор оруулан баллон нь шулуун гэдэсний хэсэгт, даралтын мэдрэгч нь хошногонд таарахаар байрлуулна. Гуурсыг хунигч булчингаар зөөлөн татсанаар булчингийн тонус болон агшилтыг хэмжинэ. Мэдээ алдуулалт шаардлагагүй бөгөөд шинжилгээ нь 30 минут үргэлжилдэг.
Хошногоны хэт авиан шинжилгээ
Хэт авиан шинжилгээ нь өвдөлт зовиургүй, аюулгүй дууны долгионыг өгдөг трансдюсер ашиглан эд эрхтнээс эргэж ирэх дууны долгионыг бүртгэн авч тэдгээрийн бүтцийг зураглан харуулдаг арга юм. Хошногоны хэт авиан шинжилгээ нь хошного болон шулуун гэдсийг нарийвчлан шинжилдэг. Шинжилгээг эрүүл мэндийн тусламж үзүүлэгчийн ажлын байранд, амбулаторит эсвэл эмнэлэгт тусгайлан мэргэшсэн техникч хийх бөгөөд зураглалыг дүрс оношлогооны эмч дүгнэнэ. Мэдээ алдуулалт шаардлагагүй. Шинжилгээгээр хошногоны хунигч булчингийн бүтцийг харж болно.
Соронзон резонанс зураглал (MRI)
MRI төхөөрөмж нь радио долгион болон соронзыг ашиглаж биеийн дотор эрхтэн болон зөөлөн эдийн нарийвчилсан зураглалыг гаргаж ирдэг бөгөөд рентген туяа ашигладаггүй. Ажилбарыг амбулаторит эсвэл эмнэлэгт тусгайлан мэргэшсэн техникч хийх бөгөөд зураглалыг дүрс оношлогооны эмч дүгнэнэ. Мэдээ алдуулалт шаардлагагүй боловч давчуу орон зайн айдастай хүмүүст тайвшруулах эм хэрэглэж болно. MRI шинжилгээнд тодосгогч бодис ашиглаж болно. MRI нь хошногоны хунигч булчингийн эмгэг өөрчлөлтийг харуулна. MRI нь хошногоны хэт авиан шинжилгээний өөр нэгэн сонголт бөгөөд ялангуяа хошногоны гадна хунигч булчингийн талаар илүү нарийн мэдээлэл өгдөг.
Дефекографи
Хошного болон шулуун гэдэс орчмын рентген шинжилгээгээр өвчтнийг өтгөнөө хэрхэн барьж, мөн гадагшлуулж буйг үнэлдэг. Мөн уг шинжилгээгээр ректоцеле болон шулуун гэдэсний урвалт гэх мэт бүтцийн өөрчлөлтүүдийг илрүүлдэг. Шинжилгээнд бэлтгэхийн тулд үйлчлүүлэгч хоёр бургуй хэрэглэх шаардлагатай бөгөөд шинжилгээнээс 2 цагийн өмнө юм идэж ууж болохгүй. Шинжилгээний үеэр эрүүл мэндийн ажилтан шулуун гэдсийг рентгенд тодордог, баастай ижил тогтоцтой зөөлөн зуурмагаар дүүргэнэ. Үйлчлүүлэгч рентген аппаратын дотор байрлах суултуур дээр сууна. Үйлчлүүлэгчийг эхлээд агуулагдахуун гарахаас сэргийлэн хунигч булчингуудыг дотогш хумин татах хөдөлгөөн хийхийг сануулах ба дараа нь хүндэрч буй мэт дүлэхийг сануулна. Дүрс оношлогооны эмч рентген шинжилгээг шинжлэн шулуун гэдэс, хошного болон аарцгийн ёроолын булчингуудын үйл ажиллагааг үнэлнэ.
Уян сигмоидоскопи болон колоноскопи
Эдгээр шинжилгээнүүд нь өтгөнөө барих чадвар алдагдлыг үүсгэж буй шалтгааныг оношлоход хэрэглэгддэг. Шинжилгээнүүд нь хоорондоо адилхан боловч колоноскопийг шулуун гэдэс болон бүхий л бүдүүн гэдсийг шинжлэхэд хэрэглэдэг бол сигмоидоскопиор зөвхөн шулуун гэдэс болон бүдүүн гэдэсний доод хэсгийг шинжилнэ. Эдгээр шинжилгээг эмнэлэгт болон амбулаторит хоол боловсруулах эмгэг судлалын эмч хийж гүйцэтгэнэ. Хоёр шинжилгээнд хоёуланд нь өвчтөнд гэдэс цэвэрлэх зааварчилгааг өгч явуулдаг. Үйлчлүүлэгчийг шинжилгээнээс өмнөх 1-ээс 3 өдрийн хугацаанд цэвэр шингэн бүхий хоол хүнс хэрэглэхийг сануулна. Шинжилгээний өмнөх шөнө туулга хэрэглэж болно. Шинжилгээний өмнөх шөнө болон шинжилгээнээс 2 цагийн өмнө нэг болон түүнээс дээш удаа бургуй тавина.
Ихэнх тохиолдолд үйлчлүүлэгчид хөнгөн зэргийн мэдээ алдуулалт хийдэг ба уян сигмоидоскопийн үед өвчин намдаах эм хэрэглэх нь тэднийг тайвшрахад тусладаг. Колоноскопийн үед мэдээ алдуулалт хэрэглэнэ. Хоёр шинжилгээний үед өвчтнийг ширээн дээр хэвтүүлэх ба эмч уян гуурсыг хошного руу оруулдаг. Гуурсан дээрх жижиг камер нь гэдэсний дотор ханын видео зураглалыг компьютерийн дэлгэц рүү илгээнэ. Шинжилгээгээр өтгөн алдалт үүсгэж буй хоол боловсруулах доод замын эмгэг өөрчлөлтийг илрүүлэх боломжтой. Гастроэнтерологич эмч эдийн шинжилгээ авч болох ба энэ ажилбарын үед микроскопоор шинжлэхийн тулд гэдэсний хананаас жижиг хэмжээний эд авдаг. Үйлчлүүлэгч эдийн шинжилгээ авч буйг мэдрэхгүй. Өвчний оношийг тогтоодог эмгэг судлаач эмч лабораторит эдийг шинжлэн оношийг баталдаг.
Шинжилгээний дараах эхний нэг цагийн турш базлах болон гэдэс дүүрэх шинж илэрч болно. Уян дуран болон колоноскопи хийлгэснээс хойш 24 цагийн турш мэдээ алдуулалт бүрэн арилтал машин жолоодож болохгүй. Шинжилгээний өмнө өвчтөн гэртээ хэрхэн харих талаар төлөвлөсөн байх хэрэгтэй. Дараагийн өдөр үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн чадвар бүрэн сэргэх ба энгийн хоол хүнс хэрэглэж болно.
Хошногоны электромиографи
Хошногоны ЭМГ нь аарцгийн ёроолын булчингийн байдал болон булчингийн мэдрэлжүүлэлтийг шалгадаг. Эрүүл мэндийн ажилтан маш нарийн зүү бүхий электродыг арьсны гаднаас хатган булчинд оруулна. Зүүн дээрх электрод нь булчингаас ирж буй цахилгаан идэвхжилийг бүртгэх бөгөөд мониторт зураг байдлаар эсвэл чанга яригчид дуу авиа байдлаар дүрслэн буулгана. Хошногоны ЭМГ-ийн өөр нэгэн хэлбэрийн үед зүүний оронд зэвэрдэггүй ган бүхий ялтсыг хуванцар бөглөөнд холбосон байдаг. Бөглөөний хэсгийг хошногоны суваг руу оруулан гадаад хунигч булчин болон бусад аарцгийн ёроолын булчингуудын цахилгаан идэвхжилийг хэмждэг. Өвчтний тайван байх үе, хүндрэхээс сэргийлэн хошногоо чангалсан үе, хүндрэхээр дүлж буй үеийн цахилгаан идэвхжилийн дундаж хэмжээгээр гадна хунигч булчин болон аарцгийн ёроолын булчинг мэдрэлжүүлдэг мэдрэлийн гэмтлийг илрүүлнэ.
Эмчилгээ
Эмчилгээнд дараах аргуудыг дангаар нь болон хослуулан хэрэглэдэг:
- Хоолны дэглэм болон хоол тэжээл
- Эмийн бодис
- Гэдсээ дасгалжуулах
- Аарцгийн ёроолын булчингийн дасгал
- Мэс засал
- Цахилгаанаар идэвхжүүлэх
Хоолны дэглэм болон хоол тэжээл
Өтгөнөө барих чадварын алдагдлыг сайжруулж болох хоолны дэглэмд:
- Зохих хэмжээний эслэг хэрэглэх. Эслэг нь суулгалт болон өтгөн хаталтанд тустай байдаг. Эслэг нь жимс, ногоо, бүхэл үр болон шошонд агуулагддаг. Эмийн сан болон эрүүл хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагддаг эслэгийн нэмэлт тэжээл нь өтгөн алдалтыг эмчлэх эслэгийн өөр нэгэн эх үүсвэр юм. Хоол тэжээл болон хоол судлаачдын академиас насанд хүрсэн хүн өдөрт 20–35 грамм эслэг, хүүхэд "насан дээр нэмэх нь тав" хэмжээний эслэг идэхийг санал болгосон. Жишээ нь 7 настай хүүхэд "7 нэмэх тав" буюу 12 грамм эслэгийг өдөр тутамд хэрэглэх шаардлагатай байдаг байна. Америкийн насанд хүрэгсдийн эслэгийн хэрэглээ дунджаар 15 грамм байдаг байна. Гэдэс дүүрэхээс сэргийлэн эслэгийг хоол хүнсэндээ бага багаар нэмж хэрэглэнэ.
- Шингэн зүйл сайн уух. Өдөрт 8 аяга шингэн уух нь өтгөн хаталтаас урьдчилан сэргийлнэ. Ус нь хамгийн зөв сонголт юм. Кофейн, спирт, сүү болон нүүрс ус бүхий ундаанууд нь суулгалт үүсгэж буй бол зогсоох хэрэгтэй.
Хоол хүнсний тэмдэглэл хөтлөх нь
Хоол хүнсний тэмдэглэл хөтөлснөөр суулгалтыг үүсгэж, өтгөн алдалт үүсэх эрсдлийг нэмэгдүүлж буй хоол хүнсийг олоход тусладаг. Хоол хүнсний өдрийн тэмдэглэлд идсэн хоолны төрөл, хэмжээ болон хэзээ өтгөн алдалт илэрснийг жагсаана. Хэдэн өдрийн дараанаас өдрийн тэмдэглэлд өтгөн алдалт болон тодорхой хоол хүнсний хоорондын хамаарал гарч ирдэг. Бага хоол идэх нь шинж тэмдгийг сайжруулсан байж болно. Хоолны өдрийн тэмдэглэл нь мөн эрүүл мэндийн ажилтан өтгөн барих чадварын алдагдалтай өвчтнүүдийг эмчлэхэд тустай байдаг. Өтгөн алдалттай холбоотой хоол хүнс болон ундааны зүйлст дараах багтана:
- Сүү, бяслаг, зайрмаг гэх мэт сүүн бүтээгдэхүүнүүд
- Кофейн агуулсан уух зүйл болон хүнс
- Зайдас, хиам болон цацагт хяруулын мах гэх мэт лаазалсан болон утсан мах
- Халуун ногоотой хоол
- Спиртлэг ундаа
- Алим, тоор болон лийр гэх мэт жимс
- Өөх тос ихтэй хүнс
- Дэглэмийн ундаан дахь амт оруулагчид болон сорбитол, ксилитол, маннитол болон фруктоз агуулсан чихэргүй бохь болон чихэр
Эслэг бүхий хүнсний зүйлс| Хүнс | Эслэг (г) |
|---|
| ½ аяга шош, болгосон | 6.2–9.6 |
| ½ аяга буталсан үр тариа, идэхэд бэлэн үр тариа | 2.7–3.8 |
| ⅓ аяга 100% хивэг, идэхэд бэлэн үр тариа | 9.1 |
| 1 жижиг овъёосны хивэгний талх | 3.0 |
| 1 бүхэл үрийн англи талх | 4.4 |
| 1 жижиг алим, хальстай | 3.6 |
| 1 дундаж лийр, хальстай | 5.5 |
| ½ аяга бөөрөлзгөнө | 4.0 |
| ½ аяга чанасан хар чавга | 3.8 |
| ½ аяга болгосон хулуу | 2.9 |
| 1 дундаж чихэрлэг төмс, хальстай нь жигнэсэн | 3.8 |
| ½ аяга ногоон шош, болгосон | 3.5–4.4 |
| 1 жижиг төмс, хальстай нь болгосон | 3.0 |
| ½ аяга ногооны холимог, болгосон | 4.0 |
| ½ аяга брокколи, болгосон | 2.6–2.8 |
| ½ аяга ногоон ургамлууд (бууцай, байцаа, манжин), болгосон | 2.5–3.5 |
Эмийн эмчилгээ
Суулгалтын улмаас өтгөнөө барих чадварын алдагдал үүссэн бол эмийн эмчилгээгээр эмчлэх боломжтой. Эрүүл мэндийн ажилтан зарим үед Цитрусел болон Метамуцил гэх мэт хүчтэй туулга санал болгосноор нягт баасыг хянахад илүү хялбар болдог. Лоперамид болон дифеноксилат зэрэг суулгалтын эсрэг эмүүдийг гэдэсний хөдөлгөөнийг багасгах, гарах өтгөний массыг нэмэгдүүлж хянахын тулд хэрэглэдэг.
Гэдэсний хөдөлгөөнийг дасгалжуулах
Тогтмол цагт хүндэрч сурах нь өтгөн хаталтын шалтгаантай өтгөн алдалтын үед чухал байдаг. Гэдэсний хөдөлгөөнийг дасгалжуулах гэдэг нь өдрийн тодорхой цагт буюу хоол идэх бүрийн дараа хүндэрч сурна гэсэн үг юм. Аажимдаа бие махбод тогтмол хүндрэхэд дасан зохицох бөгөөд өтгөн хаталт болон өтгөн алдалт буурдаг. Тогтмол хүндрэх хэлбэрт хүрэхийн тулд хэдэн долоо хоногоос хэдэн сарын хугацаанд дасгалжуулах шаардлагатай байдаг.
Аарцгийн ёроолын булчингийн дасгал
Аарцгийн ёроолын булчингийн дасгалууд нь хүндрэх үйл явцыг хянах чадварыг нэмэгдүүлдэг. Аарцгийн ёроолын булчингийн дасгал нь тус хэсгийн булчингуудыг чангалах, суллах үйлдлийг 50-иас 100 удаа хийх юм. Эрүүл мэндийн ажилтан нь зөв техникийг үйлчлүүлэгчид зааж сургадаг. Организмын физиологийн байдлыг хянах эмчилгээ (biofeedback) нь мөн тус дасгалыг зөв хийхэд тусладаг. Энэ эмчилгээ нь үйлчлүүлэгчийн шулуун гэдэсний мэдрэмжийг дээшлүүлж, шулуун гэдэс дүүрэх мэдрэмжийн хамт гадна хунигч булчинг хэрхэн чангалах талаар заадаг. Сургалтанд биеийн үйл ажиллагааны өвөрмөц мэдрэгчүүдийг ашигладаг. Даралтын эсвэл ЭМГ-ийн мэдрэгчийг хошногонд байрлуулах ба шулуун гэдсэн дэх даралтын мэдрэгч болон баллон нь шулуун гэдэс дүүрч буй мэдрэмжүүдийг төрүүлдэг. Хэмжилтүүдийг видео дэлгэцэнд дуу эсвэл шугаман график хэлбэрээр дүрслэн харуулна. Эрүүл мэндийн ажилтан нь өвчтний тохируулга хийх болон хэвийн бус үйл ажиллагааг засах зэрэг талаар мэдээлэл өгнө. Үйлчлүүлэгч уг дасгалуудыг гэртээ хийнэ. Өтгөн алдалтын шалтгаан, хүндийн зэрэг болон өвчтний өөрийн дур сонирхол, эрүүл мэндийн ажилтны зааварчилгааг дагах чадвар зэргээс аарцгийн ёроолын булчингийн дасгалын үр дүн хамаарна.
Мэс засал
Аарцгийн ёроолын булчин болон хошногоны хунигч булчингийн гэмтлийн улмаас үүссэн өтгөнөө барих чадварын алдагдалтай үед эмийн эмчилгээ үр дүнгүй тохиолдолд мэс засал эмчилгээ хийж болно.
- Сфинктеропластик нь өтгөнөө барих чадварын алдагдалтай үед хамгийн их хийгддэг мэс засал бөгөөд хүүхэд төрүүлэх болон бусад гэмтлийн улмаас хунигч булчингийн салсан төгсгөлүүдийг эргүүлэн нийлүүлдэг. Сфинктеропластикийг бүдүүн шулуун гэдэсний, эмэгтэйчүүдийн болон ерөнхий мэс заслын эмч нар хийнэ.
- Хиймэл хошногоны хунигч нь хошногоны амсар орчмоор байрлуулан хийлдэг манжет бөгөөд өвчтөн өөрөө манжетыг хийлж эсвэл хийг нь гаргах боломжтой жижиг шахуургыг арьсан дор нь мөн суулгаж өгдөг. Уг мэс засал нь ховор хийгддэг бөгөөд мэргэшсэн бүдүүн шулуун гэдэсний мэс засалч хийнэ.
- Шимэгддэггүй бэлдмэлийг хошногоны хананд шахаж болдог ба ингэснээр хошного орчмын эдийг хөөлгөж өгдөг. Хөөнгө эд нь хошногоны амсрыг илүү нарийхан болгосноор хунигч булчин хаагдахад илүү хялбар болдог. Үйлчлүүлэгч ажилбараас 1 долоо хоногийн дараа амьдралын хэвийн хэв маягт шилждэг.
- Гэдэсний цорго (стома) гаргах мэс засал нь гэдэсний аль нэг хэсгийг авсан үед биеэс баас гадагшлах замыг дахин гаргах арга юм. Мэс заслаар нарийн гэдэсний доод хэсэг эсвэл бүдүүн гэдэсний амсрыг хэвлийн гадартай холбодог. Амсар хэсэгт нь баасыг цуглуулах уут бэхэлж өгдөг. Ажилбарыг эмнэлэгт мэдээ алдуулалтын дор хийж гүйцэтгэнэ.
Цахилгаанаар идэвхжүүлэх эмчилгээ
Цахилгаанаар идэвхжүүлэх эмчилгээг мөн ууцны мэдрэлийн идэвхжүүлэлт эсвэл нейромодуляци гэж нэрлэдэг бөгөөд хошного болон шулуун гэдэс рүү орж буй ууцны мэдрэлд электрод байрлуулснаар тус мэдрэлийг цахилгаанаар байнга идэвхжүүлэх арга юм. Ууцны мэдрэл нь ташаа орчмын нугаламд холбогддог. Зай хураагуур бүхий идэвхжүүлэгчийг арьсан дор байрлуулна. Үйлчлүүлэгчийн хариу урвалаас хамааран идэвхжүүлэлт хийх хэмжээг тохируулна. Үйлчлүүлэгч хүссэн цагтаа идэвхжүүлэгчийг унтрааж, мөн асаах боломжтой. Ажилбарыг хэсэг газрын мэдээ алдуулалтын дор амбулаторит хийнэ.
Өтгөнөө барих чадварын алдагдлыг давах практик зөвлөмжүүд
Өтгөнөө барих чадварын алдагдал нь ичих, айх болон ганцаардах мэдрэмжүүдийг төрүүлдэг. Үүнийг давж гарах арга хэмжээг авах нь чухал юм. Дараах зөвлөмжүүдийг мөрдөж болно:
- Гэрээсээ гарахдаа цэвэрлэгээний бүтээгдэхүүн болон солих хувцас бүхий цүнх авч явах
- Нийтийн угаалгын өрөөг хэрэгцээ гарахаас нь өмнө олох
- Гэрээс гарахаасаа өмнө угаалгын өрөө орох
- Нэг удаагийн дотуур хувцас эсвэл шингээгч даавууг дотуур хувцсандаа хийх
- Баасны үнэр дарагчийг хэрэглэх — энэ нь баас болон хийний үнэрийг багасгадаг эм юм. Хэдийгээр үүнийг дэлгүүрээс шууд олох боломжгүй ч эрүүл мэндийн ажилтан олоход тань тусалж чадна.
Хоол идэх нь бүдүүн гэдсийг шулуун гэдэс рүү хоол шахах үйл явцыг өдөөдөг хүчин зүйл болдог, мөн шулуун гэдсийг 30–60 минут тутамд агшихад хүргэдэг. Дээрх хоёр үйл явц нь хүн хоол идсэнийхээ дараа удалгүй хийгээ гаргах, хүндрэхэд нөлөөлдөг байна. Хүн сэтгэл түгшилттэй байгаа тохиолдолд уг үйл явц улам нэмэгддэг. Өтгөнөө барих чадварын алдагдалтай хүмүүс ресторан болон олон нийтийн газар хоол идэхээс татгалзах нь зүйтэй, эсвэл эдгээр газар хоол идэж буй үед суулгалтын эсрэг эм хэрэглэх нь зүйтэй юм.
Хошного орчмын эмгэг өөрчлөлтийн улмаас үүсэх зовиур
Хошного орчмын арьс нь маш эмзэг бөгөөд мэдрэг байдаг. Өтгөн хаталт болон суулгалт эсвэл арьс болон баасны хоорондын үрэлцлийн улмаас өвдөлт болон загатналт үүсдэг. Дараах алхмууд нь хошного орчмын зовиурыг багасгана:
- Хүндэрсний дараа хошного орчмыг угаах. Усаар, гэхдээ савангүй угаах нь зовиур үүсэхээс сэргийлдэг. Саван нь арьсыг хуурайшуулж зовиурыг улам нэмэгдүүлдэг. Ерөнхийдөө хошного орчмыг шүршүүрт бүлээн усаар угаах эсвэл бага хэмжээний усанд суух зориулалттай ваннд сууж угаах хэрэгтэй байдаг. Кавилон гэх мэт зайлагчгүй арьс цэвэрлэгчдийг хэрэглэж болно. Ариун цэврийн цаасаар арчих нь арьсыг улам цочроодог тул хэрэглэж болохгүй. Чийгшүүлсэн, спиртгүй нэг удаагийн алчуураар арчсан нь дээр байдаг.
- Хошного орчмыг хуурай байлгах. Хошного орчмыг угаасны дараа агаарт хатаах хэрэгтэй. Агаарт хатаах хангалттай цаг байхгүй бол нилонгүй даавуугаар зөөлөн дарж хуурайшуулах хэрэгтэй.
- Чийглэг хориг үүсгэх. Диметикон буюу нэг төрлийн силикон бүхий чийглэг хориг үүсгэдэг тоснууд нь арьс болон баасны хооронд хориг үүсгэж өгдөг. Тос түрхэхийн өмнө хошного орчмыг цэвэрлэх хэрэгтэй. Хошногоны тос болон тосон түрхлэгийг хэрэглэхийн өмнө эрүүл мэндийн ажилтнаас зөвлөгөө авах шаардлагатай, учир нь эдгээр нь зарим үед хошногонд цочрол үзүүлдэг.
- Эмийн бодисгүй нунтаг ашиглах. Эмийн бодисгүй тальктай нунтаг эсвэл эрдэнэ шишийн гурил зэрэг нь мөн зовиурыг багасгаж өгдөг. Чийглэг хориг үүсгэдэг тостой ижлээр хэрэглэхийн өмнө хошного орчмыг цэвэрлэж хуурайшуулах хэрэгтэй.
- Нэг удаагийн дотуур хувцас эсвэл шингээгч даавуу хэрэглэх. Шингээгч даавуу болон шингээгч бүхий нэг удаагийн дотуур хувцаснууд нь шингэнийг арьснаас татаж байдаг.
- Агаар нэвтрүүлдэг дотуур хувцас болон хувцас өмсөх. Хувцас болон дотуур хувцас нь агаарын урсгалыг хангаж арьсыг хуурай байлгадаг. Бариу хувцас, резинэн дотуур хувцас зэрэг нь агаарыг хааж арьсны асуудлыг улам гүнзгийрүүлдэг.
- Бохирдсон дотуур хувцсыг аль болох хурдан солих.
Хүүхэд өтгөнөө барих чадварын алдагдалтай бол яах вэ?
Суултуурт сууж сурсан, өтгөнөө барих чадварын алдагдал бүхий хүүхдийг эмчид хандан үзүүлэх шаардлагатай бөгөөд эмч оношийг нь тогтоон цаашдын эмчилгээг санал болгоно. Төрөлхийн гажиг болон өвчин эмгэгийн улмаас хүүхдэд өтгөнөө барих чадварын алдагдал үүсч болох боловч ихэнх тохиолдолд өтгөн хаталтын улмаас үүсдэг.
Хүүхдийн өтгөн хаталт ихэвчлэн баасаа удаан барьснаас үүсдэг. Суултуурт сууж сурах үеийн стресс, нийтийн угаалгын өрөө хэрэглэхээс ичих, тоглох цагаа үймүүлэхээс татгалзах, өвдөлттэй, зовиуртай хүндрэхээс зайлсхийснээс шалтгаалан хүүхдэд өтгөн хаталт үүсдэг.
Насанд хүрэгсдийнхтэй адилаар хүүхдийн өтгөн хаталтын үед том, хатуу баас шулуун гэдсэнд тээглэсэн байдаг. Усархаг баас хатуу баасны араар үүсч, гадагш урсан хүүхдийн дотуур хувцсыг бохирдуулдаг. Эцэг эхчүүд үүнийг суулгалт гэж ихэвчлэн андуурдаг.
Бямбацогт М. Шулуун гэдэсний мэс заслын эмгэгүүд. Innovation. 2019;13(1):79–90.